ТӨСӨЛ
МОНГОЛ
УЛСЫН ХУУЛЬ
2013 оны ... дугаар сарын ...-ны өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭД МАРГААН ХЯНАН
ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР
БҮЛЭГ
НИЙТЛЭГ
ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын
Үндсэн хуулийг зөрчсөн талаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд иргэн өргөдөл,
мэдээлэл, эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүсэлт гаргах, тэдгээрийг
хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2
дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны тухай хууль тогтоомж
2.1.Монгол Улсын
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль тогтоомж нь Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, энэ хууль, хууль тогтоомжийн бусад
актаас бүрдэнэ.
2.2.Энэ
хуулиар зохицуулагдаагүй маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бусад
асуудлыг Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн зөвлөгөөнөөс баталсан дэгээр
зохицуулна.
2.3.Монгол
Улсын Үндсэн хуулийн цэц /цаашид “Цэц” гэх/ болон Цэцийн гишүүн Үндсэн хууль[1], Үндсэн
хуулийн цэцийн тухай хууль, энэ хуулийн заалттай харшлаагүй бол Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай[2], Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай[3] болон бусад хуулийн заалтыг хэрэглэнэ.
3
дугаар зүйл.Маргааны харьяалал
3.1.Цэц дор дурдсан маргааныг харьяалан хянан хэлэлцэж, шийдвэрлэнэ:
3.1.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэртэй холбоотой
маргаан:
3.1.1.1.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг,
бусад шийдвэр, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын
гэрээ Үндсэн хууль зөрчсөн эсэх;
3.1.1.2.ард нийтийн санал асуулга,
Улсын Их Хурал, түүний гишүүний болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн
талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх.
3.1.2.Эрх
бүхий албан
тушаалтантай холбоотой маргаан:
3.1.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн,
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын
ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
3.1.2.2.Монгол Улсын Ерөнхийлөгч,
Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг
эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.
3.2.Цэц маргаан хянан шийдвэрлэхдээ өргөдөл,
мэдээлэл, хүсэлтээр тавьсан шаардлага нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг бүхэлд нь
хянан шийдвэрлэнэ.
4 дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцэд хандах эрх бүхий
этгээд
4.1.Иргэн энэ хуулийн 3.1.1-д заасан шийдвэрээр өөрийн
үндсэн эрх зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргана.
4.2.Иргэн
энэ хуулийн 3.1.1.1, 3.1.2.1-д заасан асуудлаар Цэцэд мэдээлэл гаргана.
4.3.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын
дээд шүүх, Улсын ерөнхий прокурор энэ хуулийн 3.1.1-т заасан асуудлаар хүсэлт
гаргана.
4.4.Улсын
Их Хурлын 8-аас доошгүй гишүүн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, энэ
хуулийн 3.1.1.2-т заасан сонгуулийн төв байгууллагын шийдвэр гагцхүү сонгуулийн
дүнд нөлөөлж,
Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл хүсэлт гаргана.
4.5.Улсын Их Хурал, Улсын Их Хурлын 8-аас доошгүй гишүүн, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын
ерөнхий прокурор энэ хуулийн 3.1.2-т заасан асуудлаар хүсэлт гаргана.
5 дугаар зүйл.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааны зарчим
5.1.Цэц нь маргаан хянан шийдвэрлэх
ажиллагаа явуулахдаа хараат бус байх, хуралдаанаа ил тод, үгчилж, биечлэн,
тасралтгүй явуулах, талуудын эрх тэгш байдлыг хангах зарчмыг удирдлага болгоно.
6 дугаар зүйл.Хараат бус байх
6.1.Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан,
бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод
итгэлээрээ шийдвэр гаргана.
6.2.Албан
тушаалтан, иргэн хэн боловч Цэцийн гишүүн албан үүргээ хэрэгжүүлэхэд
хөндлөнгөөс оролцох, хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон аливаа бусад хэлбэрээр
дарамт шахалт үзүүлэх, нөлөөлөхийг хориглоно.
6.3.Цэцийн хуралдааны оролцогчид болон бусад этгээд Цэцийн
хуралдааны танхимд улс төрийн болон бусад хэлбэрийн үйл ажиллагаа явуулах,
ухуулан сурталчилах зүйл тараах, уриа лоозонгийн шинжтэй зүйл авч орох,
байрлуулах, ашиглахыг хориглоно.
6.4. Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг хуралдаан эхлэх
хүртэл нийтэд зарлахгүй.
7 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг ил
тод явуулах
7.1.Маргаан
хянан шийдвэрлэх Цэцийн хуралдаан нээлттэй явагдана.
7.2.Хуульд
өөрөөр заагаагүй бол төр болон байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах,
иргэний болон нийтийн аюулгүй байдлыг хангах шаардлагын үүднээс Цэцийн
хуралдааныг хаалттай хийж болно.
7.3.Хаалттай хуралдааны явцад илэрхий болсон, түүнчлэн албан үүрэгтэй нь
холбогдуулж Цэцийн гишүүнд итгэмжлэн мэдэгдсэн төр, байгууллага, хувь хүний
нууцыг Цэцийн гишүүн, хуралдаанд оролцогч бусад этгээд задруулахыг хориглоно.
7.
4.Нээлттэй
болон хаалттай хуралдаанаас гаргасан Цэцийн шийдвэрийг нийтэд мэдээлнэ.
7.5.Цэцийн нээлттэй хуралдааны танхимд байгаа аливаа
этгээд хуралдааны явцын талаар гар тэмдэглэл хийх эрхтэй.
7.6.Гэрэл зураг авах, дүрс, дуу бичлэг хийхийг Тамгын
газрын даргын шийдвэрээр зөвхөн хуралдааны нээлт болон Цэцийн шийдвэрийн
агуулгыг танилцуулах үед зөвшөөрнө.
8 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг
үгчилж явуулах
8.1.Цэцийн хуралдааныг
амаар явуулах бөгөөд хуралдаанд маргааны талуудын тайлбар, дүгнэлт, санал, хүсэлт, тэдгээрийн
хүссэн болон шаардлагатай гэж үзсэн бусад баримт бичгийг нэг
бүрчлэн танилцуулж, уншиж сонсгоно.
8.2.Маргааны талууд, бусад оролцогч сонсголын болон хэл, ярианы бэрхшээлийн
улмаас шаардлага, тайлбар, мэдүүлэг, санал, хүсэлтээ өөрөө амаар илэрхийлэх боломжгүй тохиолдолд хэлмэрчээр дамжуулан
харилцана.
9 дүгээр зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хэл, бичиг
9.1.Маргаан хянан
шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг
хөтлөх бичгээр баталгаажуулна.
9.2.Маргааны талууд, бусад
оролцогч монгол хэл мэдэхгүй бол орчуулагчаар дамжуулан мэдэх хэлээрээ харилцах
эрхтэй.
9.3.Бичгийн болон гадаад
хэл дээрх нотлох баримт нь энэ хуулийн 9.1-т заасан шаардлагыг хангасан байна.
10 дугаар зүйл.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааг биечилэн явуулах
10.1.Өргөдөл,
мэдээлэл, хүсэлт, гомдлыг хүлээн авч урьдчилан шалгаж, Цэцийн хуралдаанд
бэлтгэх ажиллагаа явуулж байсан Цэцийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар уг
ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй болсон бол түүний оронд өөр гишүүнийг томилж,
дээрх ажиллагааг
үргэлжлүүлэн явуулна.
10.2.Зохих журмын дагуу
томилогдсон бүрэлдэхүүн Цэцийн хуралдааныг эхнээс нь дуусах хүртэл биечилэн
явуулна.
10.3.Цэцийн хуралдааны
бүрэлдэхүүнд орсон гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд үргэлжлүүлэн
оролцох боломжгүй болсон бол түүний оронд Цэцийн өөр гишүүнийг томилж
хуралдааны ажиллагааг эхнээс нь явуулна.
11 дүгээр зүйл.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах
11.1.Цэцийн
хуралдааныг ажлын цагаар тасралтгүй явуулна.
11.2.Цэцийн
хуралдаан завсарласан хугацаанд өөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
явуулахгүй.
11.3.Дор
дурдсан тохиолдолд Цэцийн хуралдааныг завсарласанд тооцохгүй:
11.3.1.гэрч
дуудах, шинжээч томилох, шинээр нотлох
баримт бүрдүүлэх;
11.3.2.хуралдаанд үргэлжлүүлэн оролцох боломжгүй болсон Цэцийн гишүүний оронд өөр
гишүүнийг томилсон;
11.3.3.маргааны талууд зайлшгүй шаардлагатай бэлтгэл хангах хүсэлт гаргасныг Цэц хүлээн авсан;
11.3.4.тухайн
хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй бусад нөхцөл байдал үүсвэл уг
нөхцөл байдлыг арилгах боломжтой хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх
ажиллагааг хойшлуулах.
11.4.Цэцийн
хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүнээс бусад оролцогч өөрчлөгдсөн нь Цэцийн
хуралдааныг үргэлжлүүлэн явуулахад саад болохгүй.
12 дугаар зүйл.Маргааны талуудын эрхийн
тэгш байдлыг хангах
12.1.Маргааны
талууд хуульд заасан эрх эдлэх, үүргээ биелүүлэх адил боломжоор хангагдана.
12.2.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогчийн хуульд заасан эрх, үүргээ
хэрэгжүүлэх боломжийг Цэц хангана.
13 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа,
түүнийг тоолох
13.1.Хуульд өөрөөр заагаагүй бол
Цэцийн хуралдаанд бэлтгэх ажиллагааг 60 хоногийн дотор
гүйцэтгэнэ.
13.2.Маргаан
ээдрээ, төвөгтэй, ажиллагаа ихтэйн улмаас хуралдаанд бэлтгэх ажиллагааг
үргэлжлүүлэн явуулахаар бол бэлтгэх ажиллагааг явуулж байгаа Цэцийн гишүүн
захирамж гарган энэ хуулийн 13.1-д заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж
болох бөгөөд энэ хугацааг дахин сунгах тохиолдолд Цэцийн зөвлөгөөнд
танилцуулна.
13.3.Онц
болон дайны байдал зарласан, цэрэг хөдөлгөх зэрэг шийдвэртэй холбогдсон
маргааныг хянан шийдвэрлэх бэлтгэл ажиллагааг гурав хоногийн дотор гүйцэтгэнэ.
13.4.Энэ хуулийн 18.1-т заасан болон
Цэцийн бага суудлын хуралдаанд бэлтгэх хугацааг тухайн өргөдөл, мэдээлэл,
гомдлыг Цэцийн гишүүн Цэцийн нарийн бичгийн даргаас хүлээн авсан өдрөөс эхлэн
тоолно.
13.5.Цэцийн
дунд, их суудлын хуралдаанд бэлтгэх хугацааг маргаан хянан
шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн болон маргааныг дахин хянан шийдвэрлэх тухай
шийдвэр гарсан өдрөөс эхлэн тоолно.
13.6.Энэ хуульд заасан хугацааг
тоолох, тодорхойлохдоо Иргэний хууль[4]д
заасан журмыг баримтлана.
14
дүгээр зүйл.Нотлох баримт
14.1.Маргааны
талууд маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтаа
гаргаж өгнө.
14.2.Маргаан
хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтыг маргааны талуудын
хүсэлтээр болон Цэцийн гишүүн санаачилгаараа холбогдох этгээдээс шаардан
гаргуулна.
14.3.Цэцийн
шаардсан баримт бичиг, бусад нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан,
иргэн саадгүй гарган өгөх үүрэгтэй.
14.4.Байгууллага,
албан тушаалтан, иргэний гаргаж өгсөн бичгийн болон бусад нотлох баримтыг
тэдний бичгээр гаргасан хүсэлтийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
дууссаны дараа буцаан өгч болно.
14.5.Энэ
хуулийн 14.4-д зааснаар нотлох баримтыг буцаан өгсөн тохиолдолд хуулбар болон
зохих журмын дагуу бэхжүүлсэн хувилбарыг хэрэгт хавсаргана.
14.6.Цэц
нотолгооны хэрэгслийг тухайн маргаанд хамааралтай, хуульд заасан арга журмаар
авагдсан, хуулийн шаардлага хангасан байх талаас нь нэг бүрчлэн болон нийтэд нь
харьцуулан үзэж, нотлох баримт болох эсэхийг тогтоож, дотоод итгэлээрээ үнэлнэ.
14.7.Цэц
маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралгүй, нотолгооны ач холбогдлоо алдсан,
хуулийн шаардлага хангаагүй нотолгооны хэрэгслийг нотлох баримтаас хасч болно.
15
дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал
15.1.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдон гарах зардлыг улсын төсвөөс
санхүүжүүлнэ.
15.2.Цэцийн
маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд дараах зардлыг хамруулна:
15.2.1.шинжээч,
орчуулагч, хэлмэрчийн тээвэр,
байр, хоолны зардал, Цэцийн шийдвэрээр гүйцэтгэсэн ажил нь үүрэгт ажилд нь
хамаарахгүй бол ажлын хөлс;
15.2.2.гэрчийн тээвэр, байр, хоолны
зардал, цалин, хөдөлмөрийн хөлс;
15.2.3.бусад шаардлагатай ажиллагаа
гүйцэтгэсний зардал.
15.3.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг дараах журмаар тодорхойлно:
15.3.1.шинжээч,
орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох
тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж
байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;
15.3.2.шинжээч,
орчуулагч, хэлмэрчийн ажлын
хөлсийг жишиг үнэлгээг харгалзан тохиролцсон хэмжээгээр;
15.3.3.мэдүүлэг
өгөхөөр Цэцэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол
энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;
15.3.4.бусад зардлыг зохих журмын
дагуу.
ХОЁРДУГААР
БҮЛЭГ
Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах, ХҮЛЭЭН АВАХ
16
дугаар зүйл.Өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах
16.1.Иргэн, эрх бүхий байгууллага,
албан тушаалтан Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлтээ бичгээр гаргах бөгөөд түүнд
дараах зүйлийг тусгана:
16.1.1.Цэцэд
хаягласан байх;
16.1.2.өргөдөл,
мэдээлэл, хүсэлт гаргагч нь иргэн бол нэр, оршин суугаа хаяг, холбоо барих утасны
дугаар, байгууллага, албан тушаалтан бол эрх бүхий албан тушаалтны нэр, хаяг,
албан тушаал, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч оролцох бол тэдгээрийн нэр,
хаяг, албан тушаал, бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичиг, шаардлагатай бусад
мэдээлэл;
16.1.3.Үндсэн
хууль зөрчсөн гэж үзэж байгаа хууль, бусад
шийдвэрийн нэр, зүйл, заалт, батлан гаргасан байгууллага, албан тушаалтны нэр,
баталсан он, сар, өдөр, дугаар, түүнчлэн Үндсэн хууль зөрчсөн болон огцруулах,
эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзэж байгаа албан тушаалтан, түүний нэр, үйл
ажиллагааны талаарх мэдээлэл;
16.1.4.зөрчигдсөн
гэж үзэж байгаа Үндсэн хуулийн зүйл, заалт, эсхүл үндсэн эрх, шийдвэрлүүлэхээр
тавьж буй шаардлагын агуулга, үндэслэл, нотолгоо;
16.1.5.шаардлагатай
гэж үзвэл гэрч, хэлмэрч, орчуулагч оролцуулах, шинжээч томилуулах, нэмэлт
нотлох баримт гаргуулах хүсэлт, түүний үндэслэл;
16.1.6.хавсаргасан
баримт бичгийн жагсаалт;
16.1.7.өргөдөл,
мэдээлэл, хүсэлт гаргагчийн гарын үсэг, он, сар, өдөр.
16.2.Өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд
дараах зүйлийг хавсаргана:
16.2.1.Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж
байгаа хууль, бусад шийдвэр, холбогдох зүйл, заалтын хуулбар болон үйл
ажиллагааг нотолсон баримт;
16.2.2.итгэмжлэгдсэн төлөөлөгч,
өмгөөлөгчийн бүрэн эрхийг гэрчилсэн баримт бичиг;
16.2.3.өргөдөл, мэдээлэл гаргагчийн
иргэний үнэмлэхийн буюу гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн бол Монгол Улсын
нутаг дэвсгэр дээр хууль ёсоор оршин суугааг нотлох баримт бичгийн хуулбар.
17
дугаар зүйл.Өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авах, хуваарилах
17.1.Өргөдөл,
мэдээлэл, хүсэлтийг Цэцийн Тамгын газар бүртгэн авч, мэдээлэл, лавлагааг
бүрдүүлж, Цэцийн зөвлөгөөнөөс тухайн жилд тогтоосон хуваарь, журмын дагуу
Цэцийн гишүүнд хүлээлгэн өгнө.
17.2.Өргөдөл, мэдээлэл, хүсэлт нь энэ
хуулийн 16 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Цэцийн Тамгын
газраас амаар зөвлөн бүрэн хангуулж болно.
17.3.Дараах
тохиолдолд Цэцийн Тамгын газар өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг буцаана:
17.3.1.шаардлага,
бүрдүүлбэрийг энэ хуулийн 17.2-т заасны дагуу хангуулах боломжгүй;
17.3.2.өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр тавьсан
шаардлага Цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан биш;
17.3.3.уг маргааны талаар
урьд гаргасан Цэцийн дүгнэлт, тогтоол хүчин төгөлдөр байгаа;
17.3.4.эрх бүхий этгээд гаргаагүй.
17.4.Энэ хуулийн 17.3.1-д заасан
өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг зохих шаардлагыг ханган дахин ирүүлж болно.
17.5.Цэц нэр, хаяг тодорхойгүй
өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг хүлээж авахгүй, хариу өгөхгүй.
ГУРАВДУГААР
БҮЛЭГ
18
дугаар зүйл.Өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгах
18.1.Цэцийн гишүүн иргэний өргөдөл, мэдээллийг хүлээн авснаас хойш 30
хоногийн дотор урьдчилсан шалгалтыг хийнэ.
18.2.Энэ хуулийн
18.1-д заасан хугацааг сунгах шаардлагатай
тохиолдолд энэ хуулийн 13.2-д заасан журмыг баримтлана.
18.3.Цэцийн гишүүн өргөдөл, мэдээллийг урьдчилан
шалгахдаа маргаантай асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэвэл зохих бүх шатны
байгууллагаар урьдчилан шийдвэрлэсэн эсхүл шүүхээр хянагдаж байгаа эсэхийг
тодруулах, шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн
28.1-д заасан ажиллагааг явуулж болно.
19.1.Цэцийн гишүүн өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгаж дор
дурдсан үндэслэл тогтоогдвол маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс
татгалзах тухай захирамж гаргана:
19.1.1.энэ хуулийн 17.3-т заасан
үндэслэл урьдчилсан шалгалтын явцад тогтоогдсон;
19.1.2.өргөдөл, мэдээллийг урьдчилан шалгах явцад өргөдөл, мэдээллийн
шаардлагад дурдсан зөрчил арилсан /Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж буй хууль, бусад шийдвэр,
тэдгээрийн холбогдох зүйл, заалт нь хүчингүй болсон, өөрчлөгдсөн, ач холбогдлоо
алдсан, албан тушаалтан огцорсон гэх мэт/;
19.1.3.маргаантай
асуудал нь харьяаллын дагуу урьдчилан шийдвэрлэгдээгүй, эсхүл эрх бүхий
байгууллагад хянагдаж байгаа бол;
19.1.4.өргөдөл,
мэдээлэл гаргагч өөрийн санаачилгаар шаардлагаасаа татгалзсан.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан Цэцийн гишүүний
захирамжид өргөдөл, мэдээлэл гаргагч нь 60 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй бөгөөд
гомдлыг бичгээр гаргана.
19.3.Энэ хуулийн 19.2-т заасны дагуу гаргасан гомдлыг энэ хуулийн 17.1-д
заасан журмаар хүлээн авч, Цэцийн гишүүнд хуваарилна.
19.4.Энэ хуулийн 19.2-т заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авсан Цэцийн гишүүн урьдчилан
шалгаж, Цэцийн бага суудлын хуралдаанд шилжүүлэх захирамж гаргана.
19.5.Өргөдөл,
мэдээллийг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн өргөдөл, мэдээллээр тавьж
байгаа шаардлага үндсэн хуулийн эрх зүйн маргааны шинжийг агуулаагүй гэж үзвэл
уг асуудлыг Цэцийн
бага суудлын хуралдаанд шилжүүлэх захирамж гаргана.
19.6.Бага
суудлын хуралдаанаар энэ хуулийн 19.5-т заасан өргөдөл, мэдээллээр маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана.
19.7.Энэ хуулийн 19.6-д заасан магадлалд
гомдол гаргахгүй.
20 дугаар зүйл.Маргаан хянан шийдвэрлэх
ажиллагаа үүсгэх
20.1.Иргэний гаргасан өргөдөл, мэдээллийг Цэцийн
гишүүн үндэслэлтэй гэж үзвэл өөрийн санаачилгаар маргаан хянан шийдвэрлэх
ажиллагаа үүсгэх тухай захирамж гаргана.
20.2.Эрх бүхий
байгууллага, албан тушаалтны гаргасан хүсэлтээр Цэцийн гишүүн маргаан хянан
шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэнэ.
Дөрөвдүгээр БҮЛЭГ
Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч,
тэдгээрийн эрх үүрэг
21
дүгээр зүйл.Маргааны
талууд
21.1.Маргагч, маргалдагч нь маргааны талууд
байна.
21.2.Маргааны талууд маргаан хянан
шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:
21.2.1.хэргийн баримт сэлттэй
танилцах, холбогдох баримт бичгийг хуулбарлан авах, тэмдэглэл хийх;
21.2.2.нотлох баримт гаргаж өгөх
болон нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах, шинжээч томилуулах тухай хүсэлт
гаргах;
21.2.3.маргаж байгаа асуудлаар
нэмэлт тайлбар, үндэслэл гаргах;
21.2.4.Цэцийн хуралдааны бүрэлдэхүүн
болон бусад оролцогчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах;
21.2.5.өргөдлийн шаардлагаасаа
татгалзах, түүнийг өөрчлөх, багасгах, нэмэгдүүлэх, өргөдлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрөх, эвлэрэх;
21.2.6.нотлох баримт нэмж
бүрдүүлэхээр Цэцийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргах;
21.2.7.хуульд заасан бусад эрх.
21.3.Маргааны
талууд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ:
21.3.1.Цэцээс
товлосон цагт хүрэлцэн ирэх;
21.3.2.өргөдлийн
шаардлагад хариу тайлбар бичгээр гаргах;
21.3.3.Цэцийн шаардсан баримт
бичгийг тогтоосон хугацаанд саадгүй гаргаж өгөх;
21.3.4.маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны журам, дэгийг сахих;
21.3.5.хуульд
заасан бусад үүрэг.
22 дугаар зүйл.Гэрч
22.1.Маргаан
хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдал, баримт,
мэдээллийг мэдэж байгаа этгээдийг гэрчээр оролцуулж болно.
22.2.Гэрч
нь товлосон цагт хүрэлцэн ирж, маргаантай холбогдсон асуудлаар үнэн зөв
мэдүүлэх үүрэгтэй.
22.3.Гэрч санаатайгаар худал мэдүүлэг өгсөн, мэдүүлэг өгөхөөс хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн
тохиолдолд хариуцлага хүлээлгэх талаар
сануулж, түүнийг тогтоосон журмын дагуу баталгаажуулна.
22.4.Гэрч шаардлагатай тэмдэглэл, баримт бичиг,
мэдээ сэлтийг ашиглаж болно.
23
дугаар зүйл.Шинжээч
23.1.Маргааныг
хянан шийдвэрлэхэд шинжлэх ухааны болон тусгай мэргэшил, мэдлэг
шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар уг маргааны талаар хувийн болон албаны
ашиг сонирхлын зөрчилгүй этгээдийг Цэцийн гишүүн захирамж гарган шинжээчээр
томилж болно.
23.2.Цэцийн
гишүүн нь шинжээчийн дүгнэлт гаргуулах
шаардлагатай асуудлыг тодорхойлон энэ хуулийн 23.1-д заасан захирамждаа заана.
23.3.Шинжээч
нь дуудснаар товлосон цагт хүрэлцэн ирэх, тогтоосон хугацаанд үнэн зөв,
үндэслэл бүхий дүгнэлт гаргах үүрэгтэй.
23.4.Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах, дүгнэлт
гаргахаас хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх
талаар сануулж, түүнийг тогтоосон журмын дагуу баталгаажуулна.
23.5.Шинжлүүлэхээр
өгсөн баримт хангалтгүй, эсхүл оногдсон үүргээ гүйцэтгэхэд мэргэшил тохирохгүй,
түүнчлэн ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл шинжээч дүгнэлт гаргахаас татгалзаж
болно.
23.6.Шинжээч
дүгнэлт гаргахад шаардлагатай бол хэргийн баримттай танилцах, нэмэлт баримт,
тодруулга авах хүсэлтээ Цэцийн гишүүнд гаргах эрхтэй.
23.7.Шинжээч
өөрийн хийсэн ажиллагаа, шинжилгээ, түүний үндсэн дээр хүрсэн дүгнэлтээ
тодорхойлж бичихийн хамт Цэцийн гишүүнээс тавьсан асуудалд нэг бүрчлэн үндэслэл
бүхий тодорхой хариулт өгч дүгнэлтээ бичгээр үйлдэнэ.
23.8.
Шинжээч Цэцийн гишүүний тавьсан асуудалд тусгагдаагүй боловч маргааныг
шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой байж болох нөхцөл байдлыг шинжээч олж
тогтоовол энэ талаар дүгнэлтдээ тусгана.
23.9.Хэд
хэдэн этгээдийг шинжээчээр томилсон бол тэд санал нэгтэй байвал нэг дүгнэлт
гаргаж гарын үсгээ зурах бөгөөд харин аль нэг шинжээч санал нийлэхгүй байвал
дүгнэлтээ тусад нь гаргаж болно.
24 дүгээр зүйл.Орчуулагч, хэлмэрч
24.1.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нь монгол хэл мэдэхгүй, эсхүл сонсголын болон хэл ярианы
бэрхшээлийн
улмаас харилцаж чадахгүй бол түүний хүсэлтээр Цэцийн гишүүн захирамж гарган
орчуулагч, хэлмэрч томилно.
24.2.Орчуулагч,
хэлмэрч товлосон цагт хүрэлцэн ирж, өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбар,
мэдүүлэг, нотлох баримт, хуралдааны болон бусад ажиллагаа, Цэцийн шийдвэрийн
агуулгыг үнэн зөв, бүрэн орчуулах, хэлмэрчлэх үүрэгтэй.
24.3.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны өөр оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүрэг
гүйцэтгэхийг хориглоно.
24.4.Орчуулагч, хэлмэрч санаатайгаар худал
орчуулсан, хэлмэрчилсэн, орчуулга хийх, хэлмэрчлэхээс хууль бусаар татгалзсан, зайлсхийсэн тохиолдолд түүнд хариуцлага хүлээлгэх тухай сануулж, тогтоосон
журмын дагуу баталгаажуулна.
25 дугаар
зүйл.Цэцийн гишүүнийг татгалзан гаргах
25.1.Цэцийн гишүүн дараах
үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:
25.1.1.маргааны зүйл болох хууль, бусад шийдвэрийг батлан гаргахад албан үүргийнхээ дагуу оролцсоноос хойш хоёр жил
өнгөрөөгүй;
25.1.2.тухайн маргаан бүхий асуудлыг шүүхийн болон
захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд албан үүргийнхээ дагуу оролцсон;
25.1.3.маргааны
талууд буюу тэдгээрийн төлөөлөгчтэй гэр бүлийн болон төрөл, садангийн
холбоотой;
25.1.4.ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц
нөхцөл байдал байна гэж үзвэл.
25.2.Энэ
зүйлийн 25.1-д заасан үндэслэл байвал Цэцийн гишүүн энэ тухай Цэцийн хуралдаан
болохоос өмнө мэдэгдэж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан
гарна.
25.3.Маргааны талууд энэ зүйлийн 25.1-д
заасан үндэслэлээр Цэцийн гишүүнийг маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт тавих эрхтэй.
25.4.Хуралдаан болохоос өмнө Цэцийн гишүүн
болон маргааны талууд татгалзан гаргах хүсэлтээ гаргавал хүсэлтийг Цэцийн
зөвлөгөөнөөр шийдвэрлэж, Цэцийн дарга захирамж гаргана.
25.5.Татгалзан гаргах хүсэлтийг Цэцийн
хуралдаан дээр гаргавал Цэцийн хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд
зөвлөлдөн шийдвэрлэж, магадлал гаргана.
25.6.Татгалзан гаргах асуудлаар Цэцийн
гишүүдийн санал тэнцвэл тухайн гишүүнийг татгалзан гарсанд тооцно.
25.7.Татгалзан
гаргах хүсэлт гаргасан Цэцийн гишүүн болон маргааны тал үндэслэлээ тодорхой
танилцуулах үүрэгтэй.
25.8.Цэцийн гишүүнийг татгалзан гаргах
асуудлаар шийдвэр гаргахад түүнийг байлцуулахгүй.
25.9.Маргааныг урьдчилан шалгасан болон хуралдаанд
бэлтгэх ажиллагааг явуулсан Цэцийн гишүүнийг татгалзан гаргавал нөхөн
томилогдсон гишүүн уг ажиллагааг эхнээс нь явуулах шаардлагагүй гэж үзвэл
үргэлжлүүлэн явуулж болно.
25.10.Цэцийн
хуралдааны бүрэлдэхүүнд орсон Цэцийн гишүүнийг татгалзан гаргаснаар Цэцийн
хуралдааны бүрэлдэхүүний тоо хүрэлцэхгүй болсон тохиолдолд энэ хуулийн 32.2-т
заасан журмаар бүрэлдэхүүнийг нөхөн томилж хуралдааныг эхнээс нь явуулна.
25.11.Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас
өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл
болно.
26 дугаар
зүйл.Бусад оролцогчийг татгалзан гаргах
26.1.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг
энэ хуулийн 25.1.3, 25.1.4-д заасан үндэслэлээр татгалзан гаргаж болно.
26.2.Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг
татгалзан гаргахад энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан холбогдох журам болон
маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийг баримтлана.
Тавдугаар Бүлэг
Цэцийн хуралдаанд бэлтгэх
27 дугаар зүйл.Маргааны талуудад
өргөдөл, мэдээлэл,
хүсэлт, тайлбарыг хүргүүлэх
27.1.Маргаан хянан шийдвэрлэх
ажиллагаа үүсгэсэн Цэцийн гишүүний захирамж, Цэцийн бага суудлын хуралдааны
магадлал, өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг түүнд хавсаргасан баримт бичгийн хамт
маргалдагч талд хүргүүлж, хариу тайлбар гаргуулах тухай мэдэгдэнэ.
27.2.Энэ хуулийн 3.1.2-т заасан албан
тушаалтанд Цэцийн хуралдаанд биечлэн оролцох, энэ хуулийн 3.1.1-т заасан хууль,
бусад шийдвэрийг батлан гаргасан байгууллагад Цэцийн хуралдаанд оролцох
итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилох тухай мэдэгдэнэ.
27.3.Итгэмжлэгдсэн
төлөөлөгч томилсон тухай шийдвэр болон маргалдагч талын хариу тайлбарыг мэдэгдэлд дурдсан хугацаанд, хугацаа
заагаагүй бол 14 хоногийн дотор Цэцэд ирүүлнэ.
27.4.Маргалдагч талаас ирүүлсэн хариу
тайлбар, хавсаргасан баримт бичгийг маргагч талд хүргүүлнэ.
27.5.Маргааны талуудад эрх, үүргийг нь
танилцуулахын хамт тэднийг хэргийн баримт сэлттэй танилцаж, тэмдэглэл хийх,
зохих журмын дагуу хуулбарлан авах боломжоор хангана.
28
дугаар зүйл.Нотлох баримт бүрдүүлэх
28.1.Цэцийн
гишүүн Цэцийн хуралдаанд бэлтгэх явцад нотлох баримт бүрдүүлэхдээ шаардлагатай
гэж үзвэл дараахь ажиллагааг явуулна:
28.1.1.маргааны
талууд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар, тодорхойлолт
гаргуулах;
28.1.2.маргааныг
шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт бичиг, бусад мэдээллийг холбогдох
байгууллага, албан тушаалтан, иргэнээс шаардан гаргуулах;
28.1.3.гэрчээс
мэдүүлэг авах;
28.1.4.холбогдох
бусад этгээдээс тайлбар, тодорхойлолт авах;
28.1.5.шинжээч
томилон дүгнэлт гаргуулах;
28.1.6.маргааныг
бүрэн гүйцэд, бодитой шийдвэрлэхэд шаардагдах бусад ажиллагаа.
28.2.Хуралдаанд бэлтгэхэд ажиллагаа
ихээр шаардагдах болон шуурхай шийдвэрлэвэл зохих маргааныг шалгаж байгаа Цэцийн
гишүүний саналыг харгалзан Цэцийн зөвлөгөөнөөс нэг буюу хэд хэдэн гишүүнийг
нэмж хуваарилан ажиллуулж болно.
28.3.Байгууллага, албан тушаалтан,
иргэн хэн боловч Цэцийн гишүүний шаардсан баримт бичиг, мэдээллийг хугацаанд нь
үнэ төлбөргүй гаргаж өгөх үүрэгтэй.
29 дүгээр зүйл.Маргааныг нэгтгэх,
тусгаарлах
29.1.Нэг асуудлаар
хоёр буюу хэд хэдэн өргөдөл, мэдээлэл,
хүсэлт байгаа бол тэдгээрийг нэгтгэх, нэг өргөдөл, мэдээлэл, хүсэлтэд хоёр буюу
хэд хэдэн өөр шаардлага тавьсан, хэд хэдэн
маргалдагчтай, маргааныг хамтад нь шийдвэрлэхэд хүндрэлтэй бусад шалтгаан
байвал Цэцийн гишүүн тусгаарлах тухай захирамж гаргаж болно.
30.1.Цэцийн
хуралдаанд бэлтгэх ажиллагааны явцад энэ хуулийн
17.3.2-17.3.4, 19.1.2-19.1.4-д заасан нөхцөл байдал тогтоогдсон бол Цэцийн
гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож захирамж гаргана.
30.2.Маргааны талууд эвлэрсэн, маргагч
тал шаардлагаасаа өөрийн санаачилгаар татгалзсан боловч маргаан бүхий асуудал
нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд харшилж, нийтийн эрх, ашиг
сонирхолыг хөндсөн гэж үзвэл Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг
маргагч талгүй үргэлжлүүлэх тухай захирамж гаргана.
30.3.Энэ хуулийн 30.1, 30.2-т заасан
Цэцийн гишүүний захирамжид гомдол гаргахгүй.
31
дүгээр зүйл.Маргааныг Цэцийн хуралдаанд шилжүүлэх, зарлан мэдээлэх
31.1.Цэцийн хуралдаанд
бэлтгэх ажиллагаа
дуусмагц Цэцийн гишүүн маргааныг хуралдаанд шилжүүлэх тухай
захирамж гаргана.
31.2.Цэцийн гишүүн
нь хуралдааныг нээлттэй буюу хаалттай хийх, түүнчлэн Цэцийн даргатай зөвшилцөн хуралдаан
болох газар, өдөр, цагийг товлож энэ хуулийн 13.3-т зааснаас бусад тохиолдолд таваас
доошгүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ.
31.3.Маргааны
талууд, гэрч, шинжээч болон бусад оролцогчдод Цэцийн хуралдаан болох газар,
өдөр, цагийг албан ёсоор мэдэгдэнэ.
31.4.Цэцийн хуралдааны
бүрэлдэхүүнд ажлын таваас доошгүй өдрийн өмнө хэргийн баримтыг тараана.
ЗУРГАдугаар бүлэг
ЦЭЦИЙН ХУРАЛДААН
32 дугаар зүйл.Цэцийн хуралдаан
32.1.Цэцийн хуралдаан нь бага, дунд, их суудлын
хуралдаан гэсэн хэлбэртэй байна.
32.2.Цэцийн хуралдааны
бүрэлдэхүүн тойргийн зарчмаар томилогдно.
32.3.Цэцийн
дарга хуралдаан даргалагчийг томилж, бүрэлдэхүүнийг баталгаажуулан захирамж
гаргана.
33
дугаар зүйл.Цэцийн бага суудлын хуралдаан
33.1.Цэцийн
бага суудлын хуралдааныг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ.
33.2.Цэцийн бага суудлын хуралдаан зөвлөлдөх
тасалгааны хэлбэрээр хаалттай явагдана.
33.3.Цэцийн
бага суудлын хуралдаанаар энэ хуулийн 19.5-т зааснаар өргөдөл, мэдээллээр
маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг, маргаан хянан
шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүний захирамжийн
үндэслэлийг өргөдөл, мэдээлэл гаргагчийн гомдлоор хянан хэлэлцэж өргөдөл,
мэдээллээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, үүсгэхээс татгалзах,
Цэцийн гишүүний захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох, эсхүл
гомдлыг хүлээн авч гишүүний захирамжийг хүчингүй болгох тухай магадлал гаргана.
33.4.Бага суудлын хуралдааны магадлалд
гомдол гаргахгүй.
33.5.Бага суудлын хуралдаанаас маргаан
хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх тухай магадлал гаргасан тохиолдолд Цэцийн
дунд суудлын хуралдаанд бэлтгэх ажиллагааг явуулах Цэцийн гишүүнийг бага
суудлын хуралдаанд орсон бүрэлдэхүүнээс томилон, магадлалд тусгана.
34 дүгээр зүйл.Цэцийн дунд суудлын хуралдаан
34.1.Цэцийн дунд суудлын хуралдааныг таван
гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ.
34.2.Энэ хуулийн 3.1.1-т заасан
асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бол Цэцийн дунд суудлын
хуралдаанаар хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргана.
35
дугаар зүйл.Цэцийн их суудлын хуралдаан
35.1.Цэцийн их суудлын хуралдааныг долоогоос
есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хийнэ.
35.2.Цэц дараах маргааныг Цэцийн их
суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэнэ:
35.2.1.энэ хуулийн 3.1.2.1-т заасан
албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх;
35.2.2.энэ хуулийн 3.1.2.2-т заасан
албан тушаалтныг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх;
35.2.3.Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал
хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тогтоол гаргасан;
35.2.4.Үндсэн
хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хуульд заасан хугацаанд
хэлэлцэж зохих шийдвэр гаргаагүй бол Цэцийн гишүүний санаачилгаар;
35.2.5.урьд шийдвэрлэсэн маргааныг
дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн
гишүүдийн олонх бичгээр санал гаргасан;
35.2.6.урьд шийдвэрлэсэн маргааны
талаар нөхцөл байдал шинээр илэрсэн буюу эсхүл шинэ нөхцөл байдал бий болсон
тухай өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр;
35.2.7.Цэцийн шийдвэрээр хүчингүй
болсон хууль, бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн
тухай өргөдөл, мэдээлэл, хүсэлт ирсэн буюу Цэцийн гишүүний санаачилгаар.
35.3.Цэцийн гишүүний захирамжаар Цэцийн их
суудлын хуралдаанд шилжүүлсэн энэ хуулийн 35.2.1, 35.2.2-т заасан маргааныг Цэцийн
их суудлын хуралдаанаар хянан хэлэлцэж дүгнэлт гаргана.
35.4.Энэ хуулийн 35.3-т заасны дагуу
гаргасан Цэцийн их суудлын хуралдааны дүгнэлт эцсийн шийдвэр байна.
35.5.Цэцийн
даргын захирамжаар дахин хянан шийдвэрлэхээр тогтоосон энэ хуулийн
35.2.3-35.2.7-д заасан маргааныг Цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн
шийдвэрлэж, тогтоол гаргана.
35.6.Цэцийн
их суудлын хуралдаанд бэлтгэх гишүүнийг томилоход энэ хуулийн 17.1-д заасан
журмыг баримтлах ба уг маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэн оруулсан Цэцийн гишүүнийг
дахин томилохгүй.
долдугаар бүлэг
Маргаан хянан хэлэлцэх ЦЭЦИЙН
ХУРАЛДААНы нийтлэг
журам
36 дугаар
зүйл.Цэцийн хуралдаан даргалагч
36.1.Цэцийн хуралдааныг Цэцийн дарга даргалах
бөгөөд Цэцийн дарга хуралдаанд
оролцоогүй тохиолдолд Цэцийн даргын захирамжаар томилогдсон Цэцийн гишүүн даргална.
36.2.Цэцийн хуралдаан даргалагч /цаашид
“Даргалагч” гэх/ нь маргаан хянан хэлэлцэх ажиллагааны дарааллыг тогтоон,
хуралдааныг дэгд заасны дагуу удирдана.
37.1.Цэцийн хуралдааныг Монгол Улсын
төрийн сүлд, далбаа, Цэцийн бэлгэдэл, далбааг хүндэтгэлтэй байрлуулсан танхимд
хийнэ.
37.2.Цэцийн дунд, их суудлын
хуралдаанд Цэцийн гишүүн өмсгөлтэй оролцоно.
37.3. Цэцийн бүрэлдэхүүн хуралдааны
танхимд орж ирэх, гарах болон Цэцийн шийдвэрийг танилцуулах үед танхимд байгаа хүмүүс
суудлаасаа босч хүндэтгэнэ.
37.4. Цэцийн хуралдаанд оролцогч үг
хэлэх, тайлбар, мэдүүлэг өгөх, дүгнэлт, санал, хүсэлт гаргахдаа даргалагчийн
зөвшөөрлөөр суугаагаараа харилцаж болно.
37.5. Цэцийн хуралдааны танхимд байгаа
бүх хүн Цэц болон оролцогчдод хүндэтгэлтэй хандах, хуралдааны дэгийг сахих,
хуралдаан даргалагчид захирагдах үүрэгтэй.
37.6. Цэцийн
дунд, их суудлын хуралдааны аюулгүй байдлыг хангах, дэг сахиулах үүргийг
цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ.
37.7. Хуралдаан даргалагч Цэцийн хуралдааны
журам зөрчсөн этгээдэд сануулах, түүнийг хуралдааны танхимаас гаргахыг шаардах,
Цэцийг үл хүндэтгэсэн, хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн нь захиргааны болон
эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл эрх бүхий байгууллагад
хандан шийдвэрлүүлэхийг Цэцийн Тамгын газарт үүрэг болгоно.
38 дугаар зүйл.Цэцийн хуралдааныг нээх
38.1.Даргалагч Цэцийн хуралдааныг нээж, маргааны талууд болон бусад
оролцогчдын ирцийн талаар Цэцийн нарийн бичгийн даргаас танилцаж, хянан
хэлэлцэх маргааныг зарлан мэдэгдэнэ.
38.2.Даргалагч
талуудаас эрх, үүрэгтэй танилцсан эсэхийг тодруулж, хариуцлагыг тайлбарлан
танилцуулна.
38.3.Даргалагч
Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнийг зарлан мэдэгдэнэ.
38.4.Маргааны
талуудаас гэрч оролцуулах, шинжээч томилуулах, шинээр нотлох баримт гаргах,
Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнээс гишүүн, бусад оролцогчийг татгалзан гаргах
санал эсэхийг асууж шийдвэрлэнэ.
38.5.Маргаан
хянан шийдвэрлэх ажиллагааны зарим оролцогч хүрэлцэн ирээгүй бол хуралдааныг
үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.
38.6.Гэрчийг
тусгаарлана.
38.7.Даргалагч
Цэцийн хуралдааны танхимд баримтлах дэгийг танилцуулж, маргааны талууд болон
танхимд байгаа хүмүүст дэг сахих, даргалагчид захирагдах үүрэгтэйг сануулна.
39 дүгээр
зүйл.Цэцийн хуралдаанд оролцогч хүрэлцэн ирээгүйн холбогдол
39.1.Хуралдааны
товыг маргааны талуудад албан ёсоор мэдэгдсэн боловч хуралдаанд хүрэлцэн
ирээгүй нь энэ хуулийн 39.2-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг хойшлуулах
үндэслэл болохгүй.
39.2.Маргааны тал хүндэтгэн үзэх
шалтгаанаар хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй бөгөөд хуралдаанд биечилэн
оролцох хүсэлтээ Цэцийн хуралдаан болохоос өмнө бичгээр мэдэгдсэн бол Цэцийн
гишүүний захирамжаар, хэрэв Цэцийн хуралдаан дээр мэдэгдсэн бол хуралдааны
бүрэлдэхүүн магадлал гаргаж хуралдааныг хойшлуулна.
39.3.Гэрч, шинжээч хүрэлцэн ирээгүй тохиолдолд
хуралдааныг үргэлжлүүлэх эсэхийг Цэцийн хуралдааны бүрэлдэхүүн хэлэлцэн
шийдвэрлэнэ.
39.4.Орчуулагч, хэлмэрч хүрэлцэн ирээгүй нь хуралдааныг хойшлуулах
үндэслэл болно.
40.1.Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа
маргааныг урьдчилан шалгасан
Цэцийн гишүүний илтгэлээр эхэлнэ.
40.2.Цэцийн
гишүүн илтгэлээ өөрийн урьдчилсан санал, дүгнэлтгүйгээр танилцуулна.
40.3.Илтгэгч
гишүүнээс илтгэлтэй нь холбогдуулан маргааны талууд маргааны агуулгад үл
хамаарах асуулт асууж, хариулт авч болно.
41
дүгээр зүйл.Цэцийн гишүүн асуулт
асуух
41.1.Цэцийн хуралдаанд орсон гишүүн
хуралдааны аль ч үе шатанд оролцогчдоос асуулт асууж, хариулт авах эрхтэй.
42 дугаар зүйл.Маргааны талуудын тайлбар
42.1.Маргааны талууд Цэцэд өргөдөл,
мэдээлэл, хүсэлт, тайлбар гаргасан дарааллыг баримтлан, маргааны зүйлийн
талаарх өөрийн санал бодол, байр суурь, түүний эрх зүйн болон бусад үндэслэлийг
хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн тайлбарлана.
42.2.Маргааны талууд дарааллын дагуу
харилцан асуулт тавьж, хариулт авч болно.
42.3.Маргааны талууд гагцхүү хянан
хэлэлцэж байгаа маргаантай холбоотой асуудлаар тайлбар хийж, асуулт асууж,
хариулт авна.
43
дугаар зүйл.Шинжээчийн дүгнэлт
43.1.Шинжээч хуралдаанд оролцож байгаа
бол дүгнэлтийг өөрөө уншиж сонсгоно.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасны дагуу шинжээчийн
дүгнэлтийг уншиж сонсгосны дараа Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд
болон маргааны талууд дүгнэлттэй нь холбогдуулан шинжээчээс асуулт асууж болох
бөгөөд шинжээч асуусан асуултад хариулах үүрэгтэй.
44
дүгээр зүйл.Гэрчийн мэдүүлэг
44.1.Гэрчийг
Цэцийн хуралдаанд мэдүүлэг өгөхөөс өмнө хуралдааны танхимаас тусгаарлана.
44.2.Гэрч Цэцийн
хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүд болон маргааны талуудын асуултад үнэн зөв
хариулах үүрэгтэй.
45
дугаар зүйл.Бусад нотлох баримтыг шинжлэх
45.1.Хэргийн баримтад авагдсан,
маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бичгийн болон бусад нотлох
баримтыг Цэцийн хуралдаанаар шинжлэн судална.
46
дугаар зүйл.Маргааны талуудын төгсгөлийн үг
46.1.Маргаан хянан хэлэлцэх
ажиллагааны төгсгөлд маргааны талууд Цэцэд хандан төгсгөлийн үг хэлж, хүсэлт
тавьж болно.
46.2.Маргааны талууд төгсгөлийн үг
хэлэхдээ маргааныг хянан хэлэлцэх ажиллагаагаар шинжлээгүй баримт бичиг, нөхцөл
байдлаас иш татаж болохгүй.
47 дугаар
зүйл.Цэц шийдвэр гаргахаар зөвлөлдөх
47.1.Цэц шийдвэрээ
зөвлөлдөх тасалгаанд хаалттай хуралдаанаар гаргана.
47.2.Зөвлөлдөх тасалгаанд асуудал
шийдвэрлэхэд Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүн бүр эрх тэгш байх бөгөөд
тухайн шийдвэрлэх гэж байгаа асуудлын талаар өөрийн санал, байр сууриа чөлөөтэй
илэрхийлж, тайлбарлах эрхтэй.
47.3.Зөвлөлдөх тасалгаанд Цэцийн
гишүүний хэлсэн үг, тайлбар, үндэслэл, гаргасан санал нь нууц байна.
47.4.Цэцийн хуралдааны бүрэлдэхүүн
санал тэнцсэн, эсхүл маргааны талаар нэмэлт шалгалт хийх шаардлагатай болсон
бол уг маргааныг хянан хэлэлцэх ажиллагааг хойшлуулах тухай магадлал гаргана.
Наймдугаар бүлэг
Цэцийн шийдвэр
48
дугаар зүйл.Цэцийн шийдвэрийн төрөл
48.1.Цэцийн шийдвэр нь тогтоол,
дүгнэлт, магадлал, захирамж гэсэн төрөлтэй байна.
48.2.Цэц маргааныг хянан шийдвэрлэж
тогтоол, дүгнэлт гаргана.
48.3.Цэцийн бага суудлын хуралдаанаар
хэлэлцсэн асуудлаар болон Цэцийн хуралдаанаар маргаан хянан хэлэлцэх ажиллагааг
хэрэгжүүлэх явцад шийдвэрлэвэл зохих асуудлаар магадлал гаргана.
48.4.Цэцийн
дарга, гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх асуудлаар болон
энэ хуульд заасан бусад асуудлаар бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.
48.5.Цэцийн
шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно.
49 дүгээр зүйл.Цэцийн
хуралдаанаас шийдвэр гаргах
49.1.Үндсэн
хуулийн цэцийн тогтоол, дүгнэлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэрийн өмнөөс гаргана.
49.2.Цэцийн хуралдааны бүрэлдэхүүнд
орсон гишүүн саналаа заавал хэлэх үүрэгтэй ба Цэцийн гишүүн бүр саналаа илээр
гаргана.
49.3.Даргалагч саналаа хамгийн сүүлд
хэлнэ.
49.4.Шийдвэр гаргахдаа Үндсэн хууль
зөрчсөн гэж үзсэн хууль, бусад шийдвэрийн зүйл, хэсэг, заалт болон албан
тушаалтны үйлдэл /эс үйлдэхүй/, үйл ажиллагаа, түүнчилэн зөрчигдсөн гэж үзсэн
Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалт тус бүрээр санал хураана.
49.5.Шийдвэрийг
Цэцийн
хуралдааны бүрэлдэхүүнд орсон гишүүдийн олонхын саналаар
гаргана.
49.6.Шийдвэр
гаргахад холбогдох
асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах
эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар
нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол
гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхын санал авснаар
асуудлыг шийдвэрлэнэ.
49.7.Цөөнх болсон Цэцийн гишүүн өөрийн
саналаа тусгайд нь бичгээр гаргах эрхтэй.
49.8. Энэ хуулийн 49.7-д заасан Цэцийн
гишүүний тусгай саналыг хэрэгт хавсаргана.
49.9.Энэ хуулийн
3.1.1-т заасан маргааныг хянан шийдвэрлэж Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт
гаргаснаар тухайн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг,
заалтын үйлчлэлийг Цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
49.10.Маргааныг
эцэслэн шийдвэрлэсэн Цэцийн шийдвэр гарснаар Үндсэн хууль зөрчсөн хууль, бусад
шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалт шууд хүчингүй болно.
49.11.Хууль, бусад
шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт нь эрх зүйн ноцтой үр дагаварт
хүргэхээр байгаа бол Цэц тухайн хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл
заалтыг батлагдсан өдрөөс нь хүчингүй болгож болно.
49.12.Цэцийн
бага суудлын хуралдаанаас магадлал гаргахад энэ хуулийн 49.2, 49.3, 49.5, 49.6
дахь хэсэг хамаарна.
50
дугаар зүйл.Цэцийн хуралдааны
шийдвэрийн агуулга
50.1.Маргааныг хянан
шийдвэрлэж гаргасан Цэцийн шийдвэр нь тэмдэглэх, тодорхойлох, үндэслэх, тогтоох
хэсгээс бүрдэнэ.
50.2.Тэмдэглэх хэсэгт Цэцийн
шийдвэрийн нэр, гаргасан он, сар, өдөр, цаг, газар, байр, Цэцийн хуралдааныг
даргалагч, бүрэлдэхүүнд орсон гишүүд, нарийн бичгийн дарга болон маргааны
талууд, тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, орчуулагч,
хэлмэрч, гэрч, шинжээчийн нэр, хуралдаанаар хянан шийдвэрлэсэн маргааны товч
агуулгыг заана.
50.3.Тодорхойлох хэсэгт маргааны
талуудын нэр, тэдгээрийн өргөдөл, мэдээлэл, хүсэлт, тайлбарын агуулга, гэрчийн
мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шинжлэн судалсан бусад нөхцөл байдал, нотлох
баримтыг тодорхойлно.
50.4.Үндэслэх хэсэгт хуралдаанаар
хянан хэлэлцсэн маргаан бүхий асуудал нь Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл
баримтлал, холбогдох заалтыг хэрхэн зөрчиж буюу нийцэж байгааг тогтоосон нөхцөл
байдал, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын тухай болон албан тушаалтныг
огцруулах буюу эгүүлэн татах ямар нөхцөл байдал, хэрхэн тогтоогдсоныг
дэлгэрэнгүй заана.
50.5.Тогтоох хэсэг
захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд уг хэсэгт шийдвэр гаргахдаа удирдлага
болгосон хуулийн зүйл, хэсэг, заалт, маргааныг хэрхэн шийдвэрлэсэн тухай буюу
маргаан бүхий хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, хэсэг, заалт
Үндсэн хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн, эсхүл зөрчөөгүй тухай зүйл, хэсэг, заалт
бүрээр, албан тушаалтан Үндсэн хуулийн холбогдох зүйл, хэсэг заалт зөрчсөн,
эсхүл зөрчөөгүй, огцруулах, эгүүлэн татах үндэслэл тогтоогдсон, эсхүл
тогтоогдоогүй тухай ямар нэг эргэлзээ төрөхгүйгээр тодорхой заана.
50.6.Үндсэн хууль
зөрчсөн тухай дүгнэлтийн тогтоох хэсэгт хууль, бусад шийдвэрийн зүйл, заалтыг
түдгэлзүүлж эхлэх хугацааг заана.
50.7.Магадлал
гаргахад энэ зүйлийн холбогдох хэсэг нэгэн адил хамаарна.
51 дүгээр зүйл.Цэцийн
хуралдааны шийдвэрийг танилцуулах,
шийдвэр хүчин төгөлдөр
болох
51.1.Даргалагч эсхүл түүний
даалгаснаар Цэцийн аль нэг гишүүн Цэцийн шийдвэрийн агуулгыг танилцуулж,
тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан
хуралдааныг хаана.
51.2.Энэхүү хууль болон Цэцийн
шийдвэрт өөрөөр заагаагүй бол хуралдааны явцад гаргасан магадлалын агуулгыг нэн
даруй танилцуулах бөгөөд энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгана.
51.3.Цэцийн шийдвэрийг танилцуулан
сонсгосноор хүчин төгөлдөр болно.
51.4.Цэцийн шийдвэрийн тогтоох хэсгийн
агуулгыг танилцуулснаас хойш 14 хоногийн дотор шийдвэрийг бүрэн хэмжээгээр,
бичгээр үйлдэнэ.
51.5.Цэцийн шийдвэрт Цэцийн хуралдааны
бүрэлдэхүүнд орсон гишүүд гарын үсэг зурснаар ёсчлогдоно.
52 дугаар зүйл.Цэцийн хуралдааны
шийдвэрийг хүргүүлэх, мэдээлэх, нийтлэх
52.1.Цэцийн
шийдвэрийн товч агуулгыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд нэн даруй
мэдээлнэ.
52.2.Цэцийн
хаалттай хуралдаанаас гарсан шийдвэрийн шаардлагатай хэсгийн агуулгыг нийтэд
мэдээлж болно.
52.3.Цэцийн ёсчлогдсон шийдвэрийг
ажлын гурван өдрийн дотор маргааны талууд болон Улсын Их Хурал, Монгол Улсын
Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллагад гардуулан өгөх буюу хүргүүлнэ.
52.4.Цэцийн нээлттэй хуралдааны
шийдвэрийг бүрэн эхээр нь “Төрийн мэдээлэл” эмхтгэлд нийтэлнэ.
53 дугаар зүйл.Цэцийн шийдвэрийг биелүүлэх
53.1.Цэцийн
шийдвэрийг заавал биелүүлнэ.
53.2.Энэ
хуулийн 3.1.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэж гаргасан Цэцийн дүгнэлтийг
Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор, Улсын Их Хурлын чуулганы
чөлөөт цагт дүгнэлт гарсан бол Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан
эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хуульд заасан журмын дагуу хэлэлцэж,
үндэслэл бүхий тогтоол гаргана.
53.3.Онц болон дайны байдал зарласан,
цэрэг хөдөлгөх зэрэг шийдвэртэй холбогдсон асуудлаар гаргасан Цэцийн дүгнэлтийг
Улсын Их Хурал хэлэлцэхэд энэ хуулийн 53.2-т
заасан хугацаа хамаарахгүй.
53.4.Цэцийн
дүгнэлтийг Улсын Их Хурал энэ хуулийн 53.2-т заасны дагуу хэлэлцэж хүлээн
зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол түүний үндэслэлийг Цэц их суудлын
хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг
хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй
болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй
болгож тогтоол гаргана.
53.5.Хууль,
бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн тухай
Цэцийн шийдвэр гарснаар нийгмийн харилцаа зохицуулалтгүй орхигдохоор бол эрх
бүхий байгууллага, албан тушаалтан тухайн нийгмийн харилцааг шинээр зохицуулах
ажиллагааг нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй бөгөөд Цэц шийдвэртээ хугацааг зааж эрх
бүхий этгээдэд үүрэг хүлээлгэж болно.
53.6.Энэ
хуулийн 53.5-д заасан үүргээ гүйцэтгээгүйн
улмаас бусдад учирсан хохирлыг холбогдох байгууллага, албан тушаалтан
хариуцан арилгана.
53.7.Цэцийн
шийдвэрийг биелүүлэхгүй байгаа байгууллага, албан тушаалтанд Цэцийн дарга энэ
талаар шаардлага хүргүүлж, нийтэд мэдээлнэ.
54
дугаар зүйл.Үндсэн хууль зөрчсөн тухай
шийдвэрийн үр дагавар
54.1.Үндсэн
хуульд нийцээгүй хууль, бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалт
хүчингүй болсон, түүнчлэн Цэц өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон нь тэрхүү хууль,
бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын улмаас учирсан хохирол болон
бусад үр дагаврын асуудлыг шийдвэрлэх үндэслэл болж болно.
54.2.Эрүүгийн
болон захиргааны хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Цэцийн
шийдвэрийг үндэслэн хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу дахин хянан
шийдвэрлэнэ.
54.3.Үндсэн хуульд нийцээгүй хууль,
бусад шийдвэр, тэдгээрийн холбогдох зүйл, заалтын улмаас төр, иргэн,
байгууллагад учирсан хохирол, бусад үр дагаврыг хэрхэн арилгахыг уг хууль,
зарлиг, бусад шийдвэр гаргаж баталсан буюу гэрээ байгуулж соёрхон баталсан
байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх хууль тогтоомжийн дагуу хянан
шийдвэрлэнэ.
55
дугаар зүйл.Цэцийн хуралдааны шийдвэрт залруулга хийх
55.1.Цэцийн шийдвэрт нэр томьёо, зөв
бичгийн дүрэм, үг хэллэг, найруулга зүй, эх бэлтгэл зэрэг хууль зүйн арга
ажиллагааны чанартай илт алдаа гаргасныг магадлалаар залруулж болно.
55.2.Цэцийн шийдвэрийн залруулгыг энэ
хуулийн 52.3, 52.4-т заасан этгээдэд нэн даруй хүргүүлнэ.
56
дугаар зүйл.Цэцийн хуралдааны тэмдэглэл
56.1.Цэцийн хуралдааны явцыг
тасралтгүй, үгчилэн бичиж тэмдэглэнэ.
56.2.Хуралдааны
тэмдэглэлийг бүрэн гүйцэд үйлдэх
бололцоогоор хангахын тулд мэдээллийн технологийн хэрэгсэл ашиглаж болно.
56.3.Цэцийн
хуралдааны тэмдэглэлд дараах зүйлийг тусгана:
56.3.1.тэмдэглэлийн
нэр, хуралдаан болсон он, сар, өдөр, газар, байр, хуралдаан эхэлсэн, дууссан
цаг, минут;
56.3.2.хуралдаан
даргалагч, бүрэлдэхүүнд орсон гишүүд, нарийн бичгийн даргын нэр;
56.3.З.маргааны
талууд болон бусад оролцогчийн нэр, эрхэлсэн ажил, албан тушаал, холбогдох
бусад мэдээлэл;
56.3.4.маргааны
талууд, тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шаардлага,
түүний хариу болон бусад тайлбар, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, тэдгээрийн
санал, хүсэлт, асуулт, хариулт болон хуралдааны бусад явц бүрэн хэмжээгээр;
56.3.5.хуралдааны
явцад гарсан асуудлыг шийдвэрлэсэн аман магадлалын агуулга;
56.3.6.Цэцийн
шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга.
56.4.Хуралдааны тэмдэглэлийг
хуралдаан дууссан өдрөөс хойш ажлын арван өдрийн дотор бичгээр үйлдэж,
хуралдаан даргалагч болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан
хэрэгт хавсаргана.
Бусад
зүйл
57 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
57.1.Энэ хуулийг 2013
оны .... дугаар сарын ....-ний өдрөөс
эхлэн дагаж мөрдөнө.
57.2.Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа маргааныг хянан шийдвэрлэхэд энэ хуулийг буцаан хэрэглэхгүй.
Гарын үсэг
[1] Монгол Улсын Үндсэн хууль
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.
[2] Иргэний хэрэг шүүхэд хянан
шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт
нийтлэгдсэн.
[3] Захиргааны хэрэг хянан
шийдвэрлэх тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 3 дугаарт
нийтлэгдсэн.
[4] Иргэний хууль “Төрийн
мэдээлэл” эмхтгэлийн 2002 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
No comments:
Post a Comment