Thursday, November 28, 2013

“Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №8/



Үр дүнтэй суралцах аргууд

Төлбөр төлөөд ширээ бөглөн сууж байвал оюутан гэсэн үг биш. Өглөө сургууль дээрээ ирээд үлгэн салган явсаар өдөр харьж байгаа хүн оюутан нэр зүүснээс биш, оюутан биш юм. Би оюутнуудад зориулсан цуврал зөвлөгөөнийхөө 8 дахийг үр дүнтэй суралцах аргуудын талаар мэдээлэл өгөхөд зориулж байна.

Амжилт гэж юу вэ? амжилтыг хэрхэн хэмжиж бас бүтээдэг вэ? гэсэн асуулт олон хүний өмнө тулгардаг. Амжилттай суралцахын тулд оюутнууд хамгийн түрүүнд амжилтын тухай зөв ойлголттой байх нь чухал юм. Өрнөдийн буюу бидний нэрлэж заншсанаар барууны орнууд амжилтыг Result буюу үр дүн гэж үздэг. Аливаа зүйлийг хийж бүтээсний дараа гарч байгаа үр дүнг амжилт гэж үздэг. Харин Дорнын буюу Азийн улс түмнүүд амжилт гэдгийг process  хэмээн ойлгодог. Аливаа зүйлийг хийж байгаа үйл явц нь сайн байвал энэ амжилт юм гэж үздэг.

Үр дүнтэй суралцах гэдгийг зөвхөн дүнгээр хэмжвэл өрөөсгөл юм. Муу аргаар ч гэсэн амжилтанд хүрч болдогтой адилхан хуулах эсхүл хуурах аргаар сайн дүн авч болдог. Тиймээс үр дүнтэй суралцдаг оюутны хамгийн гол шалгуур нь онц дүн биш харин олж авсан ур чадвар юм. Бид их сургуульд суралцахдаа юуны төлөө суралцаж байгаагаа төдийлөн сайн ойлгохгүй байх явдал бий. Онц дүнгийн төлөө улайран зүтгэсээр байгаад сургуулиа төгстөл мэдсэн сурсанаар гавихгүй улаан дипломтон болсон байх явдал бишгүйдээ бий. Хамгийн гол нь үр дүнтэй сурсан оюутан чадвар эзэмшдэг.

Гэхдээ бид чадвар, мэдээлэл, мэдлэг, өгөгдлийг ялгадаггүй. Энгийнээр тайлбарлахад 30 гэдэг тоо бол өгөгдөл юм. Харин гадаа 30 градус байн гэвэл энэ мэдээлэл, нэмэх 30 градуст буудайн болцуу хатдаг гэвэл энэ мэдлэг юм. Харн энэ үед юу хийхээ мэддэг байгаад амьдрал дээр буудайн болцуу хатахаас сэргийлж чаддаг байвал энэ чадвар юм. Бид чадвар эзэмших л зорилготой.

Монгол хүний зан уу, эсвэл заль уу ямар нэг зүйл болохгүй болмогц өөрөөсөө буруу зайлуулж эхэлдэг. Монголд байгаа 100 гаруй их, дээд сургуульд суралцаж байгаа 170 гаруй мянган оюутнуудаас ихэнх нь үр дүнгүй суралцаж байна. ингэж хэлж байгаагийн шалтгаан нь ихэнх оюутнууд ажлын байран дээр гологдож байгаатай холбоотой. Үр дүнтэй суралцаж чадахгүй байгаа шалтгаанаа сургуулийн материаллаг бааз, өнөөдрийн тогтолцоо, багшлах боловсон хүчин гээд өөр бусад зүйлд тохох хандлага оюутнуудад бий. Та ингэснээрээ зөвхөн өөрийгөө л хуурч байгаа хэрэг юм.

“Итгэл байвал индүүн дээр ч цай чанадаг” хэмээх шог хошин ч гэмээр нэгэн үг их олон зүйлийг хүнд бодогдуулдаг. Үр дүнтэй суралцах хамгийн эхний алхам бол хичээл зүтгэл юм. Залгуургүй хөргөгч ажилладаггүй, батерейгүй утас асдаггүй, уяач морь хурдалдаггүйтэй адил хичээл зүтгэл танд үгүй бол та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

Үр дүнтэй суралцах аргуудыг дараагийн дугаарт танд үргэлжлүүлэн хүргэх болно.

“Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №7/



НОМОНДОО УНШИГДСААР БАЙХ УУ? НОМ УНШИЖ СУРАХ УУ?


Зарим хүмүүс номыг нойр хүргэх хэрэгсэл, залхуурлын эх үүсвэр гэж боддог. Харин зарим нь ямар ч хамаагүй номыг уншиж байвал сайн гэж боддог. Зарим хэсэг нь ном их уншвал цагаан солио тусна ч гэж ярьдаг. Харин энэ бүхний аль зөв аль нь буруу болохыг тунгаан тогтооход хэцүү биз.
Юутай ч энэ удаагийн зөвлөгөөгөөрөө ном уншихад зориулсан мэдээллийг бэлтгэлээ. Бид номноос мэдээлэл авах эцсийн зорилготой байдаг. Энэхүү зорилгодоо тэр бүр хүрч чаддаггүй. Заримдаа өөрөө номоо унших биш номондоо уншуулчихсан байдаг. Тэгвэл та энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Жон Стуарт Милл шиг номын бүтэн нүүрийг нэг л харалтаар уншиж, Франклин Д.Рүүзвэлт шиг нүдний нэг 1 цавчилт хооронд 1 параграфийг уншиж дуусгадаг болж, Ванда Норд шиг хурдан унших чадвараараа дэлхийд гуравдугаарт ордоггүй юм гэхэд өөрийн түвшинд хэрхэн сайн уншдаг болох аргуудыг танд хүргэж байна.
1.    Хамгийн түрүүнд унших гэж байгаа номоо танд үнэхээр хэрэгтэй эсэхийг тогтоо. Ингэхийн тулд тухайн номын автор, зохиолчийн хүргэх гэсэн гол үзэл санаа, боломжтой бол товчлолтой нь танилцах хэрэгтэй. Номын эхлэл төгсгөлийг нэг гүйлгэж унших хэрэгтэй. Номын гарчгуудтай танилц.Ингэж та тухайн ном үнэхээр хэрэгтэй эсэхийг мэдсэний дараа унших нь цаг хэмнэнэ. Өнөө цагт сайхан нэрнээс цаашгүй хогон мэдээллээр дүүрэн ном элбэг болсон. Тиймээс та номын нэрнээс гадна зарим хэсгүүдийг гүйлгэн уншиж нэрэндээ таарсан мэдээлэл байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй. Ууланд хэдий хурдан зөв авирсан ч таны авирсан уул авирах ёсгүй уул чинь байвал ямар ч үр дүнгүйтэй адил.
2.    Харин дараагийн удаад хэрхэн үр дүнтэй унших вэ?. Хүний тархинд 2 ой зэрэг ажиллаж байдаг. Эдгээр нь санах болон мартах ой юм. Энгийнээр бид хэрэггүй зүйлээ мартаж хэрэгтэй зүйлээ санаж амьдрах хэрэгтэй. Та номыг уншиж байгаа зорилго нь хэрэгтэй мэдээллийг авч үлдэх юм. Гэтэл уншсан зүйлс чинь дахин санагдахгүй байх магадлалтай. Энэ асуудлыг шийдэхийн тулд та номоо уншихдаа тодруулагч эсхүл бал барьж тэмдэглэл хийж чухал хэсгүүдийг тодруулан уншиж болно. Мөн номын тэмдэглэл хийдэг дэвтэртэй болж түүндээ гол санаануудаа гаргах нь чухал ингэхдээ бичихийг урьтал болголгүйгээр зураглан тэмдэглэх нь илүү таны санаанд үлдэнэ. Гэхдээ энэ бол уншилтын нэлээд доод түвшний арга юм.
3.    Анхаарлаа төвлөрүүлэхийн тулд удаан уних хэрэгтэй гэж ихэнх хүмүүс боддог. Үнэндээ энэ буруу юм. Хурдан унших тусам анхаарал сайн төвлөрдөг. Хүн хурдан уншиж анхаарлаа давхар төвлөрүүлж чаддаг бол уншсан зүйлээсээ ойлгож, агуулгыг нь гаргаж, эргэн санах магадлал өндөр. Дээрх зурагт харуулсан байдлаар номыг мөр алгасаж болон товчилж унших боломж бий. Ийн уншиж сурахад гоц авьяас өндөр IQ байхаас илүү хичээл зүтгэл хэрэгтэй. Эхний мөрийг бүтэн уншаад ташуу зураасыг дагаж агуулгаар нь уншихад эхэндээ төвөгтэй агуулга ойлгогдохгүй, Харин хэд дахин уншсаны эцэст хялбархан арга болохыг мэдэрнэ. Ернь номыг хурдан унших дараах аргууд байдаг байна.Үүнд:
1.    Skimming=Гүйлгэж унших
2.    Ердийн заагчтай уншилт
3.    Scanning=Гүйлгэж харах
“Номын утга тэнгэр мэт агуу, далай мэт гүн...” хэмээн их зохиолч Ц.Дамдинсүрэн хэлсэн байдагчлан энэхүү тэнгэрийн мөн чанарыг таньж, далайн чанадад хүрэхэд арга зүй, хичээл зүтгэл ихээхэн чухал билээ.

“Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №6/



ЦАГАА ЗӨВ ЗОХИЦУУЛАХААС ЦАГЛАШГҮЙ АМЖИЛТ ЭХЭЛДЭГ.

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Отгонтэнгэр Их Сургуулийн хуульзүйн сургуулийн багш би та бүхэндээ 7 дахь зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаагийн зөвлөгөөгөөр цагаа зохион байгуулах нь оюутанд ямар ач холбогдолтой болон хэрхэн цагаа зөв зохицуулах вэ? гэдэг талаар зөвлөгөөг хүргэж байна.
Хүнд хоногт илүү ч үгүй дутуу ч үгүй 86400 секунд оногддог. Сайн муу, сайхан муухай, баян ядуугаас үл хамаараад энэ хугацаа яг ижил өгөгдөнө. Энэ хугацааг хэрхэн ашиглаж, амжуулж байгаагаас хамаараад амжилттай байх уу? ухралттай байх уу? гэдэг нь шалтгаална. Тиймээс оюутан танд цаг үрэгч дараах хүчин зүйлсээс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Үүнд:
1.    Төлөвлөгөөгүй, зорилго, чиглэлгүй байдал
2.    Эрхэмлэх зүйл, дэс дараалалгүй шийдмэг бус байдал
3.    Дэмий зүйлд үгүй гэж хэлж чаддаггүй
4.    Хийж чадахаасаа олон ажил өөр дээрээ авдаг
5.    Бүх зүйлийг ганцаараа хийх гэж дайрдаг, ажлаа хамтарч хийх ба шилжүүлж чаддаггүй.
6.    Аль нэг зүйлд хэт их юмуу бага цаг зарцуулах маягаар буруу хуваарь гаргадаг.
7.    Өнөөдөр хийх ёстой зүйлээ хойш тавьдаг
8.    Чухал ажлаа орхигдуулж, завгүй байгаадаа анхаарлаа эзэмдүүлдэг.
9.    Хувийн зохион байгуулалт муутайгаасаа болж зовдог, овоолсон эд зүйлс дундаас хэрэгтэйгээ олж чаддаггүй.
10. Нэг ажлаа дуусгаагүй байгаагаас дараагийнх руу харайдаг
11. Ажлыг дутуу орхиж, дуусгахын тулд юу хийх ёстой талаар дахин боддоггүй.
12. Хангалттай мэдээлэлгүйгээр ажлыг эхэлдэг
13. Үргэлж бусдад найдаж хүлээдэг
14. Хурал бусад зүйлийг дэг хуваарьгүйгээр хийдэг
15. Хүн хүлээх, зорчих цагийг бүтээлчээр ашигладаггүй.
Эдгээр эмгэгүүд танд нэг хоёр байгаа бол хэвийн, харин олноороо байгаа бол та цаггүйтэх буюу цагаа алдах өвчин тусчээ. Тиймээс та өөртөө зорилго тавьж өдөр тутмын ажлуудаа төлөвлөж, төлөвлөсөн ажлаа гүйцээсэн эсэхээ хянах хэрэгтэй.
Цагийн зохион байгуулалт ямар байгаа эсэхээ үзэхийн тулд хамгийн түрүүнд өөрийн нэг өдрийн нийт цагаа хэрхэн өнгөрүүлж байгаагаа хянаж үзэх хэрэгтэй. Үүний дараа харин өөрийн цагаа хэрхэн үр дүнтэй өнгөрүүлэх төлөвлөгөөгөө боловсруулах хэрэгтэй.

“Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №5/



Бүтээлчээр сууж сурахаас амжилт эхэлнэ.

Аливаа зүйл өөрийн гэсэн хэмжээ хязгаартай байдаг.
Энэ удаагийн буюу 5 дахь удаагийн зөвлөгөөгөөрөө оюутан залуучууддаа хэрхэн бүтээмжтэйгээр сууж ажиллах талаар зөвлөгөөг хүргэж байна. Оюутан амжилттай суралцахын тулд бүтээлч, үр дүнтэй суралцах аргыг эзэмшсэн байх ёстой. Заримдаа бүтэн өдөржин суугаад ганц ч зүйл хийж бүтээгээгүй байх нь бий. Харин зарим хүн 30 минут суугаад л олон зүйлийг амжуулах нь бий. Үүнийг бид бүтээмж гэж нэрлэдэг.
Хүн бүр ямар нэг хэмжээгээр сууж ажилладаг. Үүнийг бид сууж сурсан гэж ойлгохгүй. Сууж сурна гэдэг нь анхаарлаа төвлөрүүлж, бүтээмжтэйгээр сууж ажиллахыг хэлдэг байна. Хүн бүтээмж гаргаж үр дүнтэй суралцахад цаг хугацаа их бага нь чухал биш. Харин байгаа цагаа бүтээлчээр ашиглаж чадаж байна уу? үгүй юу гэдэгтэй илүү хамааралтай ойлголт юм. Сууж сурахад хэрэгтэй дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.
1.    Хамгийн чухал нь анхаарлаа төвлөрүүлэх - Хүн зан үйлийн хэв шинж буюу темтераментаасаа хамаараад анхаарлаа маш сайн хандуулдаг эсхүл анхаарал нь амархан сарнидаг төрөлхийн шинж чанартай байдаг. Гэхдээ энэ төрөлхийн гэгдэх чанар нь дасгал сургуулилалт хичээл зүтгэлийн дүнд дүнд анхаарлаа сайн төвлөрүүлдэг болж болно. Тухайлбал өдөр бүр 3 минут анхаарлаа хамрын үзүүр дээрээ төвлөрүүлэх гэх мэт энгийн дасгалаас эхэлдэг.
2.    Таны анхаарлыг сарниулах зүйлсээс сууж ажиллаж байхдаа өөрийгөө чөлөөл. Тухайлбал гар утсаа унтрааж, комьпютерийн дэлгэцээс хол нөхцөлд ширээн дээрээ өөрийгөө сатааруулах цааснуудаа цэвэрлэж суух нь чухал
3.    Дадал зуршил болгох -  Алдар суутай хүмүүс өдөр бүр 1 цагийг анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэн өдрийн ажлынхаа хамгийн гол хэсгийг хийдэг байсан жишээ олон. Яг энэ зуршил нь тэднийг алдар суутай болгосон ч байж болох юм. Тиймээс сууж сурахын тулд өдөр бүр давтан зуршил болгох хэрэгтэй.
4.    Бооцоо тавь -  Бусад найз нөхөд болон өөртөө бүтээмжээ дээшлүүлэх зорилго тавьж, зайлшгүй хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд бооцоо тавь, амлалт өгөх хэрэгтэй.
Энэ өдрийн нэг цаг ирэх өдрийн 2 цагтай тэнцэнэ хэмээх мэргэн үг бий. Энэ үгийг яалт ч үгүй оюутанд зориулан хэлсэн биз. 40 жил суурь болгон хэрэглэх мэдлэгээ 4 жилийн хугацаанд суралцдаг учраас тэр байх. Тийм ч учраас миний өгүүлж буй зөвлөгөөнүүдийн хамгийн суурв сууж сурах тухай энэ удаагийн зөвлөгөө юм. Та өөрийгөө захирч, өөрийгөө жолоодож сууж, төвлөрч, бүтээмж гаргаж сурахаас нааш юуг ч захирч чадахгүй.