Thursday, November 28, 2013

“Амжилттай суралцаж шилдэг оюутан болох алхмууд” /Зөвлөгөө №1/



Зөвлөгөө №1: Оюутнуудаа өөрчлөлтөөс өрсөж өөрчлөгдье.

“Би Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг.” Аливаа улс орны хөдөлгөгч хүч нь оюутнууд байдаг. Хувьсгал тэмцэл нийгмээ хөтөлсөн өөрчлөлтийг оюутнууд л хийдэг. Үүний зэрэгцээгээрөнөөгийн бидний нийгэмд оюутнуудыг тойрсон муу үнэлэмжүүд тасардаггүй. Оюутнууд үнэгүй унаагаар үйлчлүүлдэг, зах замбараагүй, ном уншдаггүй, “Бидний үед арай ч ийм байгаагүй” гээд л. Хэдийгээр энэ шүүмжлэл үнэн ч оюутнуудаа төлөвшүүлэн хүмүүжүүлэх учиртай бидний хувьд бас нэг үнэн бол Бид оюутнуудаа сольж болохгүй юм. Муудсан хувцсаа шинийг аваад өмсдөг бол муулж байгаа оюутнуудаа өөрчилж чадахаас солиод гаднаас оруулж ирж чадахгүй.
Их сургуулийн багшийн хувьд би оюутнуудад маань байдаг хэний ч олж хараагүй олон сайн чанаруудыг олж хардаг. Эртнээс Монгол хүнд байсаар ирсэн төрөлхийн гүйлгээ ухаан, аливааг хурдан сурах чадвар, өөрийн үзэл бодол байр сууринд үнэнч байдал гээд олон чанарууд бий. Гагцхүү тэр чанаруудаа манай оюутнууд зөв зүйлдээ гаргаж чадахгүй байна. Тиймээс хэрхэн шилдэг оюутан болох талаар цуврал зөвлөгөөг энэхүү сайхан сэтгүүлээр дамжуулан танд хүргэж байна.
Бидний өнөөгийн амьдран байгаа цаг үе өөрөө өөрийгөө хөгжүүлж, өөртөө эзэн болж чадсан хүний л амжилтанд хүрч чадах цаг үе болсон байна. Тийм ч учраас оюутан залуучууд та бүхэнд зориулан гаргаж  байгаа энэ зөвлөгөө алхам алхмаар өөрөө өөрийгөө хөгжүүлж болох аргууд юм. Оюутнууд цагаа төлөвлөх, үр дүнтэй лекцээ сонсож, бүтээлчээр ном уншиж, мэдээллийг эрэмбэлж хэрэгтэй мэдээллээ олж авах, тэтгэлэгт хөтөлбөрт амжилттай хамрагдах, хичээлээс гадуур олон нийтийн үйл ажиллагаанд амжилттай оролцох гээд олон зөвлөгөөг багтаан танд хүргэж эхлэх гэж байна.
Оюутан залуучуудад ч гэлтгүй эцэг эхчүүдэд, сурагчдад ба энэхүү зөвлөгөө хамааралтай юм. Учир нь хэрвээ таны хүү эсхүл охин оюутан бол түүндээ зориулан энэхүү зөвлөгөөнүүдийг цуглуулж амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой.
Хамгийн гол нь эдгээр зөвлөгөөнүүдийг амьдрал дээр хэрэгжүүлж байж үр дүнгээ өгнө. Өөрөөр хэлбэл энэхүү зөвлөгөөнүүд үр юм. Энэхүү үрийг та бүхэн тарьж ургуулаад амжилт гэдэг мод болгож болно, хэзээ ч хэрэгжүүлэхгүй ч байсан болно. Гэхдээ хожмоо таны амьдралыг тэр чигээр нь өөрчлөх  ч боломжтой зөвлөгөөнүүдийг танд хүргэх болно. Ингээд амжилтаа ахиулж, алдаагаа засч, зуршлуудаа өөрчлөх 25 зөвлөгөөг хамтдаа хэрэгжүүлж, өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж хийцгээе.
Оюутан гэдэг юу ч хийсэн дүүргэж болдог хогийн сав биш, харин багахан оч өгөхөд дүрэлзэн асдаг галт бамбар юм.

No comments:

Post a Comment