ОЮУНЫ ӨМЧИЙГ ХҮНДЭТГЭХ НЬ
СОЁЛТ ЕРТӨНЦИЙН ҮНЭТ ЗҮЙЛ
Дэлгүүрээс талх хулгайлсан
хулгайч, оюутны ширээнээс оюуны өмч хулгайлсан хулгайч 2 адилхан.
Сайн байцгаана уу? Та бүхний амрыг эрэн мэндчилж
байна. Эрдэм номын мөр хөөж байгаа залуустаа зориулан хувь хүний хөгжлийн хүрээнд
өгөх зөвлөгөөг хүргэж байгаа билээ. Өмнөх зөвлөгөөнүүдээрээ та бүхэндээ “Зорилгоор жолоодуулахын ач тус”, “Таны хөгжилд тус болох номуудын тухай”
мэдээлэл хүргэж байсан бол энэ удаад оюуны өмчийг ашиглахад анхаарах зарим
асуудлаар зөвлөгөөг хүргэж байна.
Оюутан гэдэг Монголын ирээдүй билээ. Хэн ч юу гэж
муу хэлсэн ч залуусаа эрээний бараа шиг солид тавьчихаж чадахгүй. Нэг ёсондоо
муу ч сайн ч залуучууд л энэ эх орныг хөгжүүлнэ. Тиймээс автобус унаанд
визагаар нь , сурдаг сургуулийг сайн муугаар нь, суралцаж байгаа оюутан нэрээр
нь ад үзэхээсээ өмнө өнөөгийн оюутнууд яавал энэ хөгжлийн хурдтай хөл нийлүүлэх
вэ гэдгийг нухацтай сайн бодох нь туйлаас чухал.
Өнөөдөр оюутнууд аливаад бүтээлч биш хандах,
сэтгэх эргэцүүлэх, боловсруулах, мэдлэгээ амьлуулан ашиглах чадвар мөхөс болж,
өөрийгөө болоод хэн нэгнийг хуурч өнөө маргаашаа аргацаах төдийгөөр амьдрах
хандлага руу орж байна. Үүний нэг илрэл нь хувийн болоод улсын сургууль
ялгаагүй, мэргэжил ялгаагүй хэн нэгний оюуны бүтээлийг зөвшөөрөлгүйгээр өөрийн бүтээл
мэтээр ашиглах явдлыг эрхэмлэх болжээ.
Энэ байдал нь цахим ертөнц дэхь эрх чөлөө бий
болсноор бүр ч нэмэгдсэн. Нэг удаа багшийг эсхүл өөрийгөө хуураад өнгөрөөсөн
оюуны өмчийн хулгай нь ирээдүйд таны бүхий л хүсэл мөрөөдлийг ч үгүй хийж
болно. Саяхны нэг жишээнээс үзэхэд Германы батлан хамгаалахын сайд өөрийн
дипломын ажилдаа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласнаас болоод албан
тушаалаа өгч улс төрийн карьертаа цэг тавьж байсныг санах хэрэгтэй.
Гэхдээ энэ нь хэн нэгний бүтээлийг огт ашиглаж
болохгүй гэсэн үг биш. Хэрхэн яаж ашиглах вэ? гэдэгт анхаарлаа хандуулаагүйтэй
холбоотой. Бусдын оюуны өмч бүтээлийг ашиглахдаа дараах зөвлөмжүүдийг дагах
хэрэгтэй. Үүнд:
1.
Тухайн
бүтээлийн тухай мэдээллийг багтааж, иш татсан байх хэрэгтэй. Ингэхдээ хэн гэдэг
зохиолчийн ямар бүтээлийн аль хэсгээс авснаа тодорхой бичнэ.
2.
Аливаа
бүтээлээс дам иш татаж байгаа бол түүнийгээ дам байдлаар иш татсан гэдгээ
бичиж, үндсэн эх сурвалжаас тулгаж үзэх хэрэгтэй.
3.
Интернетээс
иш татаж байгаа материалууд дээр үнэн зөв эсэхэд онцгой анхаарах хэрэгтэй ба
мөн ялгаагүй хаанаас иш татсанаа бичнэ.
4.
Хэн
нэгний бүтээлийн үндсэн агуулгыг биш үг үсгийг өөрчлөн өөрийн мэтээр бичих,
эсхүл нэрийг нь тавилгүй иш татах нь оюуны өмчийн зөрчил болно.
Монгол улс өнөө цагт оюуны өмчийг хүндэтгэхгүй
байгаа байдал нь ирээдүйд ч бас тийм биш байна гэсэн үг биш. Тиймээс одооноос
оюутнууд оюуны өмчийг хүндэтгэж, оюуны өмчийн зөрчил гаргахгүй байх нь чухлаас
чухал юм.
No comments:
Post a Comment